Нарны аймаг нь Нар, түүнийг татах хүчнийх нь улмаас тойрон эргэх найман гариг, 5 тогтоогдсон одой гариг (Дэлхийн ван, Церера, Макемаке, Эрида, Хаумеа), тэдгээрийн дагуулууд, маш олон тооны жижиг биетүүдийг багтаасан систем юм.

http://www.miniih.com/astronomy/admin/?go=newposts
Нарны аймгийн 8 гариг бa сар

Үүсэл хөгжил

Хаббл дуран авайгаар авсан Гурван маралын оддын орд дахь гараг хөврөлийн мананцрын зураг. Хэмжээгээрээ хэдэн гэрлийн жил хүрэх энэхүү мананцар нь манай Нарны аймаг бүрэлдсэн тэрхүү эртний мананцартай төсөөтэй юм.
Гараг хөврөлийн дугуй мананцар зураачийн төсөөлснөөр

Нарны аймаг 4.6 тэрбум жилийн өмнө молекул, тоосонцрын аварга үүл дотоод таталцлынхаа хүчээр (гравитацын хүч) агшсаны үр дүнд бүрэлдсэн байна. Энэхүү үүл нь хэдэн гэрлийн жилийн хэмжээтэй байсан ба нэг биш хэд хэдэн одыг төрүүлсэн байж болзошгүй [1].

Уг үүлнээс манай Нарны аймаг үүссэн нарны мананцар [2] хэмээх тэр хэсэг агшихад өнцгөн момент хадгалагдсанаар эргэлт нь түргэссэн байна. Массын дийлэнх нь бөөгнөрсөн төв хэсгийн температур эрс нэмэгдэж, түүнийг тойрон эргэж буй хавтан хэлбэрт тоосонцрынхоос илүү өндөр температуртай болсоор байв. [1] Ийнхүү агшин буй манацар нь эргэлтийнхээ явцад хавтгай хэлбэртэй болж, 200 AU[1] [3][4] орчим диаметр бүхий гараг хөврөлийн хавтгай үүсгэж, төвдөө нэн халуун бөгөөд өндөр нягттай одны хөврөл үүсгэсэн байна. [5][6] Энэ шатанд Нар T Tauri ангиллын од байсан гэж үздэг. T Tauri ангиллын оддыг ажиглахад 0.001–0.1 нарны масс бүхий гараг хөврөлийн үүлэнцрээр хүрээлэгдсэн нь олонтаа ажиглагддаг бөгөөд мананцрын массын дийлэнх хэсэг одондоо төвлөрсөн байдаг. [7] Энэхүү дугуй хавтан манацар дахь тодорхой цэгүүдэд массын төвлөрөл үүссэнээр гарагууд бүрэлдсэн байна. [8] Одны хөврөлийн төв дэх ус төрөгчийн даралт хэлбэрэлтгүй нэмэгдсээр 50 сая жилийн дотор халуун цөмийн урвал эхлэх нөхцөл бүрджээ. [9]

Тийнхүү температур, урвалын хурд, даралт, нягт нэмэгдсээр дулааны энерги таталцлын хүчний тэнцвэрт байдал тогтжээ. Энэ шатанд Нар гол цувааны одны бүх шинжийг олсон билээ. [10]

Нар

Гол өгүүлэл: Нар
Нар

Нар бол од юм. Нар болон түүнийг тойрон эргэх гаригууд нь мананцрын бөөгнөрөлөөс үүссэн. Гэвч энэ мананцар нь Их дэлбэрэлтийн үе шиг зөвхөн устөрөгч болон гелигээс тогтоогүй юм. Тэднээс өөр олон элемент байсан юм. Эдгээр хүнд элементүүд нь Их дэлбэрэлтээс хойш Нар бий болж эхлэх хүртэлх ойролцоогоор 10 тэрбум жилийн туршид үүссэн анхны оддоос үүсчээ. Эдгээр одод сөнөхдөө өөрийн агуулж байгаа бодисын ихэнх хэсгийг сансарт цацдаг. Ингээд эхлээд устөрөгч, бага хэмжээний гели агуулсан оддын хоорондох орон зай хүнд элементээр баяжжээ. Гэвч устөрөгч, гелигээс бусад элементүүд 2%-д ч хүрэхээргүй бага байлаа. Үүний дараа шинээр үүссэн одод эдгээр элементийг агуулсан хийнээс тогтсон тул гариг,дагуул, сүүлт оддыг үүсгэх түүхий эдийг агуулж байдаг. Энэ байдал цааш үргэлжлэхэд оддын хоорондох зай хүнд элементээр баяжиж эхэлдэг. Манай нарны аймаг ч бас гариг үүсэхэд хэрэгцээтэй бодис бүхий мананцраас бий болсон юм. Өөрөөр хэлбэл манай Нарны аймаг, өмнө үүсээд сөнөсөн одноос үүссэн юм.

Гаригууд

Нарны аймаг найман гаригтай. Эдгээрийг хөрстэй болон хийн гэж хоёр бүлэгт хуваадаг.

Хөрстэй гариг

Хөрстэй гаригт Буд, Сугар, Дэлхий, Ангараг багтдаг. Эдгээр гаригууд хатуу, чулуурхаг гадаргуутай тул хөрст гариг гэдэг.

Хийн гариг

Хийн гариг болох Бархасвадь, Санчир, Далайн ван, Тэнгэрийн ван нь их хэмжээний хийнээс тогтдог бөгөөд жижиг, хатуу цөмтэй байдаг.

Дагуулууд

Аварга том гаригууд анх нягтрахдаа маш халуун байдаг. Иймээс одоогийн хэмжээтэй нь харьцуулахад илүү том байдаг байсан. Гариг үүсэх явцын төгсгөлд гаригийг бий болгосон хий, тоосонцруудын үлдэгдэл гаригийг тойрон эргэлдсээр байдаг. Цаг хугацаа өнгөрөхөд хийн ихэнх хэсгийг гариг залгиж эсвэл сансарт таран замхардаг. Үлдсэн хий, тоос нь нэг дор цугларч дагуулуудыг бий болгоно.

Дагуулуудын ихэнх нь дээр өгүүлсэн маягаар бий болсон гэж үздэг ч зарим нь гариг бий болсны дараа гаднаас нэгдсэн нь ч бий. Энэ дагуулуудын тойрог зам нь маш нягт элипс хэлбэртэй бөгөөд бусад дагуултай харьцуулахад өөр байдаг. Үүнд Поебе, Тритон болон хэд хэдэн бяцхан дагуулууд багтдаг. Ангараг гаригийн дагуул Побос, Деймосыг гариг үүссэний дараа нэгдсэн гэж үздэг.

Хөрст гаригуудын дагуулууд бүгдээрээ нэг бол гариг бий болсны дараа нэгдсэн эсвэл мөргөлдсөнөөс болж үүссэн байна. Энэ нь аварга том хийн гаригуудын эргэн тойронд л дагуул үүсдэг гэсэн таамаглалыг нотолж байгаа юм.

Бага гариг

Гол өгүүлэл: Бага гариг

Бага гаригууд хөрст болон хийн гаригуудын хоорондох Бага гаригийн бүсэд оршдог. Энэ бүсэд гариг болж нэгдэхүйц том хэмжээний сансрын биет байдаггүй. Эдний нийт масс нь Сарныхаас ч бага юм.

Нарны аймгийн гаригуудын хоорондох зайг авч үзвэл Нарнаас холдох тусам тодорхой дараалалтай байгааг ажиглаж болно. Гариг бүрийн тойрог зам нь өмнөхөөсөө 75%-иар илүү өргөн байдаг. Үүнээс харахад Бага гаригийн бүс оронд мөн гариг байх ёстой мэт. Гэхдээ тодорхой баталгаа байхгүй. Харин зарим нэг гариг судлаач эрдэмтэдийн үзэж байгаагаар урьд нь энд нэг гариг үүсч байгаад Бархасвадь гаригийн хүчтэй татах хүчинд автан хэдэн хэсэг болж таржээ. Мөн энд гариганцрууд нэг дор бөөгнөрөөгүй тул ямар нэг гариг үүсээгүй гэж үздэг.

Сүүлт од

Гол өгүүлэл: Сүүлт од

Дэлхий вангийн цаад талд гараг үүссэний дараа үлдсэн бодисоос тогтсон нэгэн бүс байдаг. Энэ бүсэд тус бүр нь 1 км буюу үүнээс илүү диаметртэй, 200 сая сансрын биет байгааг тооцоолон гаргажээ. Кюперийн бүс гэж нэрлэсэн энэ бүсэд Дэлхий ван, түүний дагуул Чарон ч ордог. Мөн Далай вангийн дагуул Тритон ч энэ бүсийн гишүүн юм. Эдгээр дагуулууд уг бүсийн хамгийн том хэмжээтэй нь ажээ.

Сүүлт одууд тойрог замаасаа гарч Нарны аймаг руу чиглэх нь уг сүүлт одод хоорондоо мөргөлдөн тогтворгүй байдал үүсгэснээс болдог. Богино хугацааны сүүлт одууд (ойролцоогоор 100 жилд нэг удаа) ихэнхдээ Кюперийн бүсээс ирдэг. Харин урт хугацааны давтамжтай ирдэг сүүлт одууд өөр бүсээс ирдэг гэж таамаглаж байна. 1950 онд одон орон судлаач Жан Хендрик Оорт энэ талаар нэгэн таамаглал дэвшүүлжээ. Түүний таамаглалын дагуу эдгээр сүүлт одууд Нарны системийг бүхэлд нь бүрхсэн нэг бүсээс ирдэг ажээ. Оортын үүл гэж нэрлэсэн энэ бүс бидэнд харагддагүй боловч урт хугацааны давтамжтай ирдэг сүүлт одууд энэ бүсийн талаар мэдээлэл авчирдаг.

Оортын үүл бий болсон явцыг дараах маягаар тайлбарладаг. Бархасвадь зэрэг аварга том гаригууд дэргэдүүр нь өнгөрөхийг завдсан гариганцруудыг хүч султай тойрог замд оруулан тогтоон барьдаг. Заримдаа эдгээр биетүүд Нарны татах хүчнээс мултран сансар руу ахиж эргэж ирэхгүйгээр оддог. Харин ихэнх нь Нарны татах хүчнээс салж чадалгүй хүч султай тойрог замаар тойрон эргэлдсээр байдаг. Нарнаас хол байдаг мөн, хурд багатай тул ихэнхдээ Оортын үүлэнд байрлацгаана. Оортын үүлийг тойруулан тойрог зурахад гадиус буюу Нар хүртэлх урт нь нэг гэрлийн жил байдаг. Үүнээс цааш Нарны аймгийн хил төгсч, оддын орчин эхэлдэг гэж хэлж болно.